Tuesday, May 5, 2020


Төгс хэлбэртэй хөмсөгний нууц ердөө л саван



Супермодель Кара Делевинь шиг өтгөн, бүдүүн хөмсөг гоо сайхны ертөнцөд тренд болоод удаж байгаа билээ. Харин ийм үр дүнд хүрэхийн тулд гар нүүрийн саван ашиглан хөмсгөө хэлбэржүүлэх тренд үүсжээ. Шингэн, нарийхан, сүүлтэй, сүүлгүй, өтгөн гэх мэт ямар ч хөмсөгтэй байсан гар нүүрийн савангаар хөмсгөө хэн л бол хэн хэлбэржүүлж болох ба энэ нь илүү өтгөн, өргөн хөмсөгтэй харагдахад тусалдаг байна.
Савангаар хөмсгөө самнаж хэлбэрт оруулах үйлдэл нь олон жилийн өмнөөс хэрэглэгдэж ирсэн боловч саяхнаас л дэлхий дахинд гэнэтийн тренд болоод байгаа юм. Бусад трендүүд амархан моданаас гарч мартагддаг бол өтгөн бүдүүн хөмсөг нь одоог хүртэл охид бүсгүйчүүдийн сонголт хэвээр байгаа тул энэ аргачлалд суралцаад аваарай.
Саван ашиглан хөмсгөө хэлбэржүүлэх нь маш хялбар бөгөөд үр дүнтэй. Танд ердөө л бага зэрэг норгосон цэвэрхэн сормуусны сам болон хуурай саван хэрэг болох бөгөөд самаа саванд үрэн хөмсгөө хүссэн хэлбэрт оруулахад л хангалттай.
Ямар саван сонгох вэ?
Глицеринтэй, ямар нэгэн хурц үнэр, будаггүй гар нүүрийн саван сонгох нь хамгийн чухал. Элдэв үнэр өнгөтэй байвал харшил өгөх магадлалтай бөгөөд эмзэг арьсанд тохиромжгүй.
Төгс хэлбэртэй хөмсөгний нууц ердөө л саван (фото 1)
Юугаар самнах вэ?
Хөмсөгний зориулалтын хуванцар болон төмөр сам тохиромжгүй. Харин сормуусны будгийн сам шиг дангаар нь худалдаалдаг нэг удаагийн сам байвал илүү зохимжтой. Хэрвээ олдоход бэрх бол дууссан сормуусны будгийнхаа самыг сайтар угааж үлдэгдэл будгаа арилган хэрэглэж болно.
Төгс хэлбэртэй хөмсөгний нууц ердөө л саван (фото 2)
Арга барил нь?
Хэрвээ хөмсгөө ямар нэгэн будгаар буддаг бол будсаны дараа савангаа хэрэглэнэ, Анх туршиж үзэж байгаа бол ямар нэгэн будаг түрхэхгүй байхыг зөвлөж байна. Ингээд хөмсгөө хүссэн өнгө төрхдөө оруулсны дараа сормуусны самаа бага зэрэг норгон хуурай гарын саван дээр үрж, хөмсгөндөө дээш чиглэлээр зөөлөн түрхэнэ. Самаа хэт их норговол эсвэл хэт их саван түрхвэл хөөсрөх магадлалтай тул анхаарна уу! Ингээд савантай хөмсөг хатсаны дараа хөмсөг тань өтгөн харагдах ба хэлбэрээ ч удаан барина.
Савангаар хөмсгөө хэлбэрт оруулах нь олон давуу талтай ч нэг анхаарах зүйл нь хөмсгөө норгохгүй байх хэрэгтэй тул бороотой өдөр ийм аргачлал хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Ингээд л болоо! Хялбар, хямд ба гарт байгаа зүйлсээр мөрөөдлийн хөмсөгтэй болно!


Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ?

Арьс арчилгааны дараалал нь хувь хүний арьсны онцлогоос шалтгаалдаг ч ерөнхий дарааллыг нь ойлгоход маш хялбар юм. Нэг л дүрмийг сайтар ойлгох хэрэгтэй: шингэнээс өтгөн гэсэн дарааллыг мөрдөх.
1. Нүүр цэвэрлэгч
Цаг гарган хичээж будсан будгаа арилгахыг хүсэхгүй байна уу? Төгс зурсан нүдний контур, урт сормуус гоё харагдах ч арьсаа цэвэрлэж амраах нь хамгийн гол алхам билээ. Нэг шөнө л нүүрний будагтайгаа унтахад арьс маш ихээр бохирддог ба хөгшрөх явц хурдасдаг юм. Тиймээс нүүрний будгаа арилгаж заншаарай.
Олон төрлийн нүүр цэвэрлэгч бий. Хөөсөрдөг, тосон, усан гэх мэт. Гэхдээ тэр дундаа хамгийн үр дүнтэй цэвэрлэгээ бол давхар цэвэрлэгээ юм. Нэгт будгаа өөрт таарсан цэвэрлэгчээр арилгаж, хоёрт сайтар нүүрээ угаана. Ингэснээр будаг болон арьсан дээр цугларсан тоос шороог бүрэн арилгах ба арьс дараагийн бүтээгдэхүүнүүдийг хүлээн авахад бэлэн болно.
2. Тонер
Тонер яг ямар үүрэгтэй вэ, ер нь хэрэгтэй юм болов уу хэмээн бодож байсан хүн олон байх. Тонерын ерөнхий үүрэг нь маш энгийн. Цэвэрлэсэн арьсандаа тонер түрхсэнээр дараа дараагийн түрхэх бүтээгдэхүүнээ арьсанд сайтар шингэхэд бэлдэж байна гэсэн үг юм. Орчин үеийн тонерууд арьсны pH түвшнийг тэнцвэржүүлэх, мөн бага зэргийн гуужуулах үйлчилгээтэй байдаг билээ.
3. Серум
Серум нь тонертой харьцуулбал илүү өтгөн мөн баяжуулсан бүтээгдэхүүн юм. Ямар арьсанд зориулагдсанаас шалтгаалан өөр өөр үр дүнтэй байдаг ба хэдэн өөр төрлийн серумыг давхарлаж хэрэглэж ч болно.
Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ? (фото 1)
4. Нүдний тос
Нүдний эргэн тойрон дахь арьс нь хүний хамгийн эмзэг арьс учраас хайрлах хэрэгтэй юм шүү. Иймээс 20 наснаас эхлэн нүдний тос түрхэж хэвшсэнээр нүд орчмын үрчлээснээс сэргийлнэ. Нүүрээ цэвэрлэхдээ арьсаа аль болох татахгүй байж, нүдний хүрээлэн буй арьсандаа тосоо ядам хуруугаа гулсуулах мэт зөөлөн байдлаар түрхэж шингээнэ.
5. Эмчилгээний төрлийн бүтээгдэхүүн
Хэрэв та ямар нэгэн хүчил эсвэл батганы эсрэг тос түрхдэг бол дээрх дөрвөн шатны дараа түрхэж болох юм.
6. Чийгшүүлэгч Тос
Гөлгөр сайхан арьсны нэн чухал нууц нь чийгшүүлэгч билээ. Тослог ч бай холимог ч бай бүх төрлийн арьсанд зориулсан чийгшүүлэгч байдаг ба өөрт тохирсныг олох хэрэгтэй. Чийгшүүлэгч нь хамгийн баяжуулсан, өтгөн бүтээгдэхүүн учраас дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийн хамгийн эцэст нь бүрхэгч байдлаар түрхсэнээр бүтээгдэхүүнүүдийг арьсанд шингэхэд тусалж, дээрээс нь арьсанд чийгшил, нэмэлт тэжээл өгөх боломжтой.
7. Нарны тос
Ихэнх үрчлээс ба сэвх толбо нь нарнаас үүдэлтэй байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол нарны тос түрхэх явдал юм. Наргүй бүүдгэр өдөр ч нарны тос түрхэх хэрэгтэй учраас өдөр алгасалгүй хэрэглэхийг зөвлөж байна.


Нүхжилттэй арьсны нүүр будалт: Шилдэг бүтээгдэхүүнүүд

Тунгалаг пудр, кушон, праймер болон бусад гайхалтай бүтээгдэхүүнүүд

Нүхжилттэй арьсны нүүр будалт: Шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 1)
Нягтрал сайтай төдийгүй өтгөн бүтэцтэй тул бага хэмжээгээр хэрэглэхэд тохиромжтой. Мөн хэрэглэхдээ чийгшүүлэгч тосоо түрхсэний хэсэг хугацааны дараа, тос арьсанд бүхэлдээ уусан шингэхээс өмнө түрхэхийг зөвлөж байна. Уг бүтээгдэхүүн нь жижиг сорвинууд ба нүхнүүдийг бөглөж, арьсны гадаргууг мэдэгдэхүйц хэмжээнд гөлгөр болгоно.
Праймер-мусс PoreRaser, Shu Uemura
Нүхжилттэй арьсны нүүр будалт: Шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 2)
Мусс хэлбэрийн энэ праймер нь үрэвсэл дарах, арьсыг нэгэн жигд өнгөтэй болгох зэрэг дөрвөн төрлийн зориулалттай ба төрөл бүр нь тусгай өнгөтэй байдаг. Тослог арьсанд илүү тохиромжтой ба хуурай арьсыг улам хуурайшуулах эрсдэлтэй.
Арьсыг матт бүтэцтэй болгодог стик Blur and Matte Stick, Clarins
Нүхжилттэй арьсны нүүр будалт: Шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 3)
Жижиг нүхнүүд, сорвинуудыг дүүргэж, тослог гялбааг арилах үүрэгтэй энэ универсал стик нь бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Пудр Sexy Nude Powder, Romanovamakeup
Нүхжилттэй арьсны нүүр будалт: Шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 4)
Арьсаа фильтр нэмсэн мэт эффекттэй болгохыг хүсэж байвал энэхүү пудрыг сонгоорой. Нимгэн, тунгалаг түрхэгддэг ба торгомсог бүрхүүл бий болгоно.
Стик хэлбэрийн суурь крем Teint Idole, Lancome
Нүхжилттэй арьсны нүүр будалт: Шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 5)
Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ хурууны өндгөө ашиглавал илүү тохиромжтой. Ингэснээр бүтээгдэхүүн арьсны улайлт болон үрэвслийг дарахын зэрэгцээ маш нимгэн, байгалийн түрхэгдэх болно. Мөн хуурай биш торгомсог бүтэцтэй тул арьсыг чийглэг, эрүүл харагдуулна.
Кушон Dreamskin, Dior
Нүхжилттэй арьсны нүүр будалт: Шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 6)
Холимог арьсанд хамгаас тохиромжтой энэ кушон нь арьсан дээрх нүхнүүдийг дүүргэн бөглөж, өнгийг нь нэгэн жигд болгож, чийгтэй гэрэлтсэн үр дүн бий болгоно. Мөн SPF50 индекстэй тул нарны хорт туяанаас хангалттай сайн хамгаална.
Праймер Instant Matte, YSL
Нүхжилттэй арьсны нүүр будалт: Шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 7)
Тослог, үрэвсэлтэй арьсанд тохиромжтой энэхүү праймер нь найрлагадаа салицилын хүчил ба диметикон агуулдаг. Иймээс бүтээгдэхүүнийг хэрэглэснээр себумийн ялгаварлыг тэнцвэржүүлж, арьсан дээрх нүхнүүдээ дүүргэх болно.
Пудр Ultra HD, Make Up For Ever
Нүхжилттэй арьсны нүүр будалт: Шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 8)
Байгалийн нүүр будалт хийх дуртай хүмүүст төгс тохирох пудр. Нөсөө толбо, үрэвсэл зэргийг дарах чадваргүй ч арьсыг өдрийн турш матт харагдуулж, будаг урсахаас сэргийлнэ.
Өө дарагч Soft Matte, Nars
Нүхжилттэй арьсны нүүр будалт: Шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 9)
Нягтрал сайтай, хагас матт бүтэцтэй энэ өө дарагч нь бүх төрлийн өө сэвийг дарах чадвартай. Өнгөө зөв сонгож чадваас шилдэг хөрөнгө оруулалт болно шүү.
Чийгшүүлэгч праймер The Porefessional, Benefit
Нүхжилттэй арьсны нүүр будалт: Шилдэг бүтээгдэхүүнүүд (фото 10)
The POREfessional гэх сонгодог праймерын шинэчлэгдсэн хувилбарыг Benefit брэнд саяхан танилцуулсан билээ. Шинэ хувилбар нь найрлагадаа илүү их тэжээлийн орц агуулсан бөгөөд арьсан дээр илүү тухтай мэдрэмж төрүүлнэ.




Анхааралдаа авах хэрэгтэй гоо сайхны 6 шинэ бүтээгдэхүүн

Сакура цэцгийн өнгөтэй мейкап, нүүрний арьсанд зориулагдсан каннабисын тосны баяжмал болон бусад
 

Diptyque брэндийн Impossible Bouquets сүрчгийн цуглуулга

Нидерландын зурагчин Бас Миус өөрийгөө дижитал цэцэгчин гэж нэрлэдэг бөгөөд XVII зууны фламандын натюрмортуудын стилиэр цэцэгсийн зураг дардаг билээ. Түүний бүтээлүүд Парисын Diptyque брэндэд маш их таалагддаг тул брэнд түүнээс бүтээлч сэдэл аван Impossible Bouquets гэх нийт зургаан үнэртнээс бүрдэх цуглуулга гаргасан байна. Энэхүү шинэ цэцгийн "баглаад" сарнай, иланг-иланг, булцуут, вистериа, мэлрэг ба жүржийн цэцэг багтжээ. Цуглуулгаас худалдан авалт хийсэн тохиолдолд сүрчгийнхээ савыг хадгалж үлдэхийг зөвлөх байна. Олон жилийн дараа дуудлага худалдаан дээр өндөр үнэд хүрч магад шүү.

Kiehl's брэндийн нүүрний арьсанд зориулагдсан каннабисын тосны баяжмал

Анхааралдаа авах хэрэгтэй гоо сайхны 6 шинэ бүтээгдэхүүн (фото 1)
Сүүлд өндөр эрэлттэй байгаа энэхүү орц нь одоо Нью-Йоркийн алдарт брэндийн шинэхэн цуглуулгад багтжээ. Арьсыг тайвшруулж, улайлт багасгаж, арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, гадаргууг илүү зөөлөн, тааламжтай болгоно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

M.A.C брэндийн Petal Power мейкапын цуглуулга

M.A.C брэндийн нүүр хувиргагчид сакура цэцгийн гоо үзэсгэлэнг бүтээгдэхүүндээ шингээхээр шийдэж, интоорын цэцгийн үнэртэй спрей, гоёмсог ягаан туяануудтай уруул өнгөлөгч, гялтганасан пудр зэргээс бүрдсэн шинэ цуглуулга танилцуулжээ.

Kerastase брэндийн үс уналтын эсрэг Genesis цуглуулга

Шампуниас эхлээд эмчилгээний ампулууд хүртэлх нийт долоон бүтээгдэхүүнээс бүрдэх Genesis цуглуулга нь үс уналтын эсрэг тэмцэнэ. Найрлагад нь аминексил, цагаан гаа болон эдельвейс ургамлын ханд зэрэг ач тустай орц олон бий.

Erborian брэндийн "Улаан чинжүү" арьс арчилгааны цуглуулга

Солонгос, Франц гаралтай Erborian брэнд улаан чинжүүг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлж эхэллээ. Халуун биш харин амтат улаан чинжүүг ашиглан нүүрний маск ба тос гаргасан бөгөөд брэндийн мэргэжилтнүүдийн зүгээс амтат чинжүү нь өөртөө их хэмжээний антиоксидант болон С аминдэм агуулдгийг онцолсон байна.

Rexona брэндийн дезодорант

Анхааралдаа авах хэрэгтэй гоо сайхны 6 шинэ бүтээгдэхүүн (фото 2)
Rexona брэнд залуу хэрэглэгчдийг чиглэсэн өхөөрдөм панданы зурагтай, 14+ насны заалттай дезодорант гаргажээ. Энэхүү бүтээгдэхүүн нь хувцас болон арьсан дээр толбо үлдээхгүй ба найрлагадаа Е аминдэм агуулж, ямар нэгэн парабены агууламжгүй гэдгээрээ онцлог юм.




Чиг хандлага: Хүрэн ягаан өнгийн тень

Ихэмсэг атлаа шинэлэг төрхийг бүрдүүлнэ
 
Энэ хаврын улиралд улаан хүрэн өнгийн тень голлох чиг хандлагаар нэрлэгдэж буйг Dior брэндийн гоо сайхны бүтээлч захирал Питер Филипс онцоллоо. "Хүрэн ягаан өнгийг уруулын будаг, хацар өнгөлөгчөөр ашиглах нь түгээмэл ч нүдний будалтыг ийм өнгөөр тэр бүр хийгээд байдаггүй. Хүрэн ягаан өнгийг өдөр тутмын будалтад ашиглах санааг Япон, Солонгос улс руу хийж байх аяллын үеэр олж авсан юм. Учир нь Япон, Солонгос охид маш сонирхолтой өнгүүдээр нүүр будалт хийдэг ба үр дүнд нь маш ихэмсэг атлаа шинэлэг төрхийг бүрдүүлж чаддаг" хэмээн тэрээр ярьсан ба хүрэн ягаан өнгүүдээс бүрдэх шинэ тенийн палет танилцуулжээ.
Dior брэндээс танилцуулаад буй тенийн палетэд суурь болох beige өнгө болон бүдэг хүрэн, ягаан, хүрэн бор зэрэг өнгүүд багтсан ба эдгээр өнгүүдийг ашиглан будалт хийхийг нүүр хувиргагчид онцоллоо.




Гоо сайханы боловсрол:Ампул гэж юу вэ, хэрхэн хэрэглэх вэ?

Богино хугацаанд гайхалтай үр дүн үзүүлэгч шидэт бүтээгдэхүүн
Арьсны ампул гэх нэршлийг өмнө нь хэд хэдэн удаа сонссон ч яг ямар учиртай бүтээгдэхүүн болохыг мэдэхгүй бол анхаарлаа хандуулаарай. K-Beauty буюу Солонгос арьс арчилгааны чухал хэсэгт тооцогддог энэхүү гоо сайхны бүтээгдэхүүнийг өндөр концентрацтай серум буюу ийлдэс хэмээн ойлгож болно.
Ампулыг ихэвчлэн богино хугацаанд өндөр үр дүнд хүрэхийн тулд хэрэглэдэг учир жижиг зориулалтын бортогонд савлагддаг ба эссенс, серум зэрэг бусад төрлийн тэжээлийн бүтээгдэхүүнээс илүү өндөр үнэтэй худалдаалагддаг. Түүнчлэн ампул нь найрлагадаа олон тооны жижиг хэмжээний идэвхтэй молекулууд агуулдаг учир арьсны гүнд хүрч шаардлагатай тэжээлийг өгдөг байна.
Иймд худалдан авалт хийхийн өмнө арьсны онцлог болоод арьсанд тань юу дутагдаж буйг сайтар судлах хэрэгтэй. Тухайлбал арьсны хөгшрөлтөөс сэргийлэхийг хүсч байвал антиоксидантаар баялаг, нөсөө толбыг багасгахыг хүсвэл C амин дэмээр баяжуулсан ампул, харин чийгшлээр хангахыг хүсвэл гиалуроны хүчил болон липидийн найрлагатайг сонгох нь зүйтэй.
Ампулыг хэрхэн хэрэглэх вэ?
Нүүрний арьсыг зөөлөн гуужуулж, тоникоор чийгшүүлсний дараа ампулыг товшиж түрхэх ба үүний дараа чийгшүүлэгч тосыг маш нимгэн түрхэнэ. Ингэснээр ампулын найрлага дахь идэвхт молекулуудыг агаарт ууршихаас сэргийлэн, арьсны гүнд хүрч үйлчлэхэд эерэгээр нөлөөлдөг болохыг Net-A-Porter вебсайтын гоо сайхны редактор Даниел Фокс онцолсон юм. Түүнчлэн маскны үйлчилгээг идэвхжүүлэх зорилгоор маскны доор түрхэж хэрэглэх боломжтойг зөвлөлөө.

Monday, January 20, 2020

2020 онд трэнд болох нүүр будалтууд



Натурал нүүр будалт

Будсан ч будаагүй мэт харагдах байдал нэлээд түгээмэл болсон бөгөөд ирэх жил энэ тренд улам бүр эрчээ авах нь ээ. Одуудтай хамтарч ажилладаг алдарт мэйк-ап артист Кристина Флахийн хэлж буйгаар хэт зузаан контур, шаазан шиг цагаан царай нь өнгөрсөн арвантай үлдэж байгаа гэнэ. Арьс болон биеийн онцлог, өвөрмөц байдалд ч эерэг хандалга гарах аж. Өөрөөр хэлбэл, 5 жилийн өмнө охид бүсгүйчүүд нүүрэн дээрх сэвх, нөсөө толбоос ичиж, өө даралт ихтэй зузаан крем хэрэглэдэг байсан бол одоо энэ бүхэн ард үлдэх нь ээ. 2020 онд гадаад үзэмжид тавигдах гол шаардлага бол өөрийн гэсэн өвөрмөц, шинэлэх төрх байх болно. Та илүү байгалийн төрхөөрөө харагдахыг чухалчлах хэрэгтэй бөгөөд арьсны суурь өнгөө нягт харагдуулахын тулд чийгшүүлэгч, хөнгөхөн өө дарагч хэрэглэх нь зүйтэй. 

Төрөлхийн мэт хөмсөг

Өөгүй төгс засалттай, тас хар өнгөтэй хөмсөгний уламжлалт тренд аль хэдийн ард үлджээ. Шинэ арванд төрөлхийн мэт, өргөн, элдэв засалтгүй хөмсөг эргэн моодонд орж байна. Хэрвээ та шингэн хөмсөгтэй бол бага зэрэг сүүдэрлэж, тодруулж болох ч хөмсгөө будахдаа хурц өнцөг, үсний мөр гаргаж болохгүй гэдгийг анхаараарай. Харин байгалиас заяасан өтгөн, хар хөмсөгтэй бол оролдох хэрэггүй.  Мексикийн алдарт зураач Фрида Калогийнх шиг хөмсөг 2020 оны гол чиг хандлагын нэг болно. Гэхдээ жүжигчин Лили Коллинс шиг төрөлхийн өргөн, өтгөн хөмсөгтэй хүмүүс цөөхөн шүү дээ. Тиймээс аль болох натурал чиг хандлагыг баримтлах хэрэгтэйг анхаарахад болно. 

Тод өнгө

2020 оны нүүр будалтын натурал чиг хандлага 80, 90-ээд оны гэрэлтсэн тод өнгийн нүдний тень болон харандааг авч үлдэх нь ээ. Ирэх жилийн гол өнгө гэж нэрлэгдээд байгаа гал улаан өнгийг нүдний будалтад аль хэдийн идэвхтэй ашиглах болсон. Зөвхөн ягаан, хүрэн улаан өнгөнүүдээс гадна өөр олон тод өнгийн хослолууд ч уг трендэд бий. Энэ нь хэдэн жилийн турш алдартай байсан неон өнгөнд баяртай гэж хэлэхэд эрт байна гэсэн үг юм.

Улаан ягаан өнгө

2018 оны хамгийн алдартай өнгө нил ягаан өнгө байсан бол 2020 онд загварын тайз болон алдартнуудын нүүр будалтад эргэн ирнэ. Улаан ягаан өнгийн тень, нүдний харандаа, уруулын будаг энэ онд голлох бөгөөд хаана ч, ямар ч үед гайхалтай сайхан харагдана. Мөн ягаан өнгөтэй хослуулсан жимсний улаан, цэнхэр тень хэрэглэх нь улам бүр нэмэгдэж байна.



Тунгалаг сормуусны будаг

Байгалиараа харагдах трендийн үргэлжлэл бол нүдийг тунгалаг харагдуулах сормуусны будаг бөгөөд энэ нь ирэх жил таны гоо сайхны бүтээгдэхүүний тоонд зайлшгүй байх зүйлийн нэг болох юм. Хэдий энгийн сормуусны будаг шиг будах боловч сормуусыг илүү дэрвийлгэж, бөөгнөрүүлэлгүй, урт болгодгоороо давуу талтай. Үүний зэрэгцээ гадаад төрхийг тань цэвэрхэн, шинэлэг, яг л будаагүй мэт харагдуулах болно. 





Төгс хэлбэртэй хөмсөгний нууц ердөө л саван   Супермодель Кара Делевинь шиг өтгөн, бүдүүн хөмсөг гоо сайхны ертөнцөд ...